ЦЭРЭГ ДАЙЧИД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАА ХААГААД ИРЛЭЭ

2019 оны 05-р сарын 07, 00:00

Өнгөрсөн жилийн нэгдүгээр ээлжийн цэрэгт татагдаж Ховд аймгийн Үенчийн хилийн отрядад алба хаасан 40 гаруй цэрэг цэргийн албанаас халагдаж төрөлх нутагтаа ирлээ.

 
Эр цэргийн албанаас халагдаж ирсэн эдгээр цэргүүдийг аймгийн Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүн хүлээн авч уулзан цэргийн албаа нэр төртэй хаасан явдалд баяр хүргэж, цаашдынх нь ажил, амьдралд сайн сайхныг хүссэн юм.
 
Тэрээр аймгийн Засаг дарга А.Гылымхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орноо батлан хамгаалах ариун үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусган халагдан ирж байгаа эрхэм дайчиддаа баяр хүргэе. Цэргийн амьдралаар амьдарсан нэг жилийн хугацаанд оюун санаа чинь тэлж, бие бялдар чинь хөгжиж жинхэнэ эр хүн болсон. Тэгэхээр залуучууд маань жирийн амьдралд гараад амьдралаа зөв зохиож ажил төрөл эрхэлж, эх орондоо ихийг хийж бүтээгээрэй” гэсэн ерөөл дэвшүүллээ.
 
Н.Ерлан
2019.05.07