ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 1406 ХҮҮХЭД 12-Р АНГИ ТӨГСӨЖ БАЙНА

2019 оны 05-р сарын 24, 00:00

Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар анги төгсөгчид “Мөнгөн хонхны баяр”-аа ёслол төгөлдөр, баяр хөөртэй тэмдэглэж байна.

2007 оноос эхлэн Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид 6 настнуудыг элсүүлэн 12 жилийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд анхны зургаан настнууд энэ хичээлийн жилд бүрэн дунд боловсролоо эзэмшин сургуулиа амжилттай төгсөж “ЭРДМИЙН БАЯР”- аа ийнхүү тэмдэглэж байна.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн “Эрдмийн баяр”-т аймгийн удирдлагууд оролцож, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй нэр бүхий багш нарыг болон сурлагаараа үе тэнгийнхнийг манлайсан сурагчдыг аймгийн ИТХ-ын даргын болон аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.

Тус аймгаас 2018-2019 оны хичээлийн жилд 9-р ангийг 1994 сурагч, 12-р ангийг нийт 1406 сурагч төгсөж байна. Харин 12-р анги төгсөгчдийн 812 нь элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлжээ.

Иймд дүү нарт удахгүй болох ЭЕШ-аас өндөр амжилт хүсэж, ихийг бүтээсэн эрдэм, мэдлэгтэй иргэн болохыг ерөөе.

Н.Ерлан
2019.05.24