Төрийн албаны зөвлөл Баян-Өлгий аймгийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч нарт сургалт явууллаа

2019 оны 06-р сарын 15, 00:00

Төрийн албаны зөвлөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн иргэн, төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” нь төслийн хүрээнд орон нутаг дахь Төрийн захиргааны байгууллага болон Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Төрийн албаны хууль түүнийг дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах, чадавхжуулах зорилгоор орон нутагт ажиллаж байна.

Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбаар ахлуулсан Тѳрийн албаны зѳвлѳлийн ахлах референт Б.Пүрэвдагва, Тѳрийн албаны зѳвлѳлийн шинжээч Д.Нармандах, Тѳрийн албаны зѳвлѳлийн шинжээч Э.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 13-14-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг аймгийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч нарт зориулсан сургалт зохион байгуулж, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон Улаанхус сумын ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцан, хүний нөөцийн баримт бичгийн бүрдэлд хяналт тавьж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллав.

Баян-Өлгий аймаг 5900 гаруй төрийн албан хаагчтай. Тэдгээрийн төлөөлөл болох аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нарт, 13 сумын төрийн захиргааны байгууллагын удирдлагууд болон хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн дарга, ажилтнуудаас бүрдсэн нийт 140 гаруй хүнд сургалт явуулж мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв.

Сургалтаар Төрийн албаны шинэчлэлийн бодлогын үзэл баримтлал, “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол журам”, “Төрийн албаны тусгай шалгалт”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц бүрдүүлэх журам”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”, “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт”, “Маргаан хянан шийдвэрлэх журам, анхаарах асуудал”, “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах журам”, Албан үүргийг түр орлон гүйцэтгэх эрх зүйн зохицуулалт”, “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах эрх зүйн зохицуулалт”, зэрэг сэдвээр тус тус сургалт явуулсан юм.

Мөн сургалтад хамрагдсан 40 гаруй хүний асуусан асуултад зохих хариуг өгч, 8 төрийн албан хаагчтай биечлэн уулзаж арга зүйн зөвлөгөө өгөв.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн хийсэн ажлын тайлангаа сонслоо.

Н.Ерлан
2019.06.14