БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН СУМДЫН ЗДТГ-ЫН ДАРГА НАРЫН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2019 оны 06-р сарын 25, 00:00

Mонгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 33-р зүйлийн 10 дугаар заалт, Дайчилгааны тухай хуулийн 28-р зүйлийн 1.2 дахь заалт, Батлан хамгаалахын сайдын аймгуудын Засаг дарга нартай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу зохион байгуулсан баруун бүсийн аймгуудын сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын “Цэргийн бэлтгэл сургалт” Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Сургалтад Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай зэрэг баруун таван аймгуудын сумдын ЗДТГ-ын дарга нар болон Цэргийн штабын бие бүрэлдэхүүн хамрагдаж Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа, зорилго, зорилт, Зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалт, батлан хамгаалах салбарын хуулиудыг орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдлэгтэй болж СЕРТИФИКАТ-аа гардан авлаа.

Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын орон нутагт батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ажил үүргээ гүйцэтгэхэд нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү сургалтыг Батлан хамгаалах яамны СБТГ-ын дарга бригадын генерал Г.Сайханбаяр, Батлан хамгаалах сайдын зөвлөх, ҮБХИС-ийн профессор Ц.Дашзэвэг, Батлан хамгаалах яамны СБТГ-ын УДХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Рагчаадорж нар ерөнхий удирдлагаар хангаж ач холбогдол өгч ажилласан юм.

Сургалтын хүрээнд аймгуудын хооронд Гар бөмбөг, Олс таталт гэсэн спортын хоёр төрлөөр нөхөрсөг тэмцээн зохион байгуулж сургалтын хаалтын үйл ажиллагааны үеэр шагнаж урамшууллаа.

Тухайлбал: Гар бөмбөгийн тэмцээний 1-р байрт Завхан аймгийн баг, 2-р байрт Ховд аймгийн баг, 3-р байрт Говь-алтай аймгийн баг тодорсон бол Олс таталтын төрөлд 1-р байр Завхан аймаг, 2-р байр Ховд аймаг, 3-р байр Увс аймгийн баг тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Мөн Батлан хамгаалах салбарын бодлого, шийдвэрийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллаж байгаа зарим сумдын ЗДТГ-ын дарга нарыг Батлан хамгаалах яамны болон аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнагдлаа.

Энэхүү сургалтыг хуульд зааснаар 2 жил нэг удаа зохион байгуулахаар тусгаж өгсөн ба дараагийн удаа Ховд аймагт зохион байгуулагдахаар болж Төрийн далбаагаа хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.

Н.Ерлан
2019.06.25