АЛТАЙ ТАВАН БОГД ХАЙРХАНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2019 оны 08-р сарын 05, 00:00

Өндөр их Алтайн оргил, Монгол Улсын дээвэр болсон Алтай Таван богд хайрханы Тэнгэрийг тайх ёслол 8 дугаар сарын 3-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж энэхүү хайрханыг тахих тухай шийдвэр гаргаснаас хойш ийнхүү хоёр дахь удаа Төрийн тахилга үйлдсэн юм.

Энэ удаагийн тахилгад УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Мурат, С.Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Төрийн ёслолын хэлтсийн дарга Х.Жанцан, тэргүүтэй төрийн элч төлөөлөгчид болон гадаад, дотоодын зочид нутгийн зон олон оролцов.

Төрийн ёслолын нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан хийж, үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: Амархан сайн байцгаана уу? Алтай ханы ноён оргил-Таван богдын тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээг удирдаж, зохион байгуулах өндөр үүрэг хүлээсэн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн ёслолын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, аймаг, сум орон нутгийн хариуцлагатай албан тушаалтнууд, цэргийн хүрээний байгууллагуудын удирдлага, хамт олон, зэргэлдээ аймгууд болон гадаад дотоодоос морилон ирсэн зочид гийчид, энэхүү тахилгын үйл ажиллагаанд оролцохоор хуран цугларсан иргэд, хөдөлмөрчид та бүхний түмэн амгаланг айлтгаж энэ билигтэй сайхан өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлж байна. Монголчууд бол эзэн Чингис хааны үеэс өвлөн уламжилж ирсэн уул овоо тахиж, ус нутгаа шүтэж, лус савдгийг аргадан баясгаж, байгаль түүний баялгийг хамгаалж, зохистой ашиглаж хойч үедээ өвлүүлж ирсэн баялаг сайхан уламжлалтай ард түмэн билээ. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтай ханы Таван богдыг Төрийн тахилгатай болгох шийдвэр гарч, 2014 онд анх удаа уг ёслолын арга хэмжээг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрчээ.Уг тахилганаас хойш манай иргэдийн ус нутгаа гэх сэтгэл, омогшил, хандлага эрс өөрчлөгдөн сайжирч, мал сүрэг өсөж, ард түмний амьдрал дээшилсэн.

Баян-Өлгийчүүд бид бол: Тэнгэрийн уул Таван богд хайрханы өвөр дээр эрхэлж өссөн Тэлмэн цэнхэр Ховд гол эхийн рашаан сүүг хөхөж өндийснөөрөө бахархдаг олон ястны төлөөлөлтэй эвтэй, найрамдалтай ард түмэн билээ. Алтай ханы Таван богд хайрханы тэнгэр та биднийг ивээлдээ авч болгоон соёрхож, буян заяаг маань арвитган, өгөөж хишгээ хайрлан, аливаа ган зуд, гамшиг, муу бүхнээс зайлуулж, аз хийморийг дэвжээн, үндэстэн ястны эв нэгдлийг бэхжүүлж, энх амар, элбэг дэлбэг байлгаж соёрхоно уу.Өнөөдрийн тахилгын ёслолын ажиллагааны бүх бэлтгэлийг хангаж удирдан зохион байгуулж буй бүх хүмүүс, тахилгын ёслолыг үйлдэн ном айлдахаар морилон ирсэн лам хуврагууд та бүхэнд гүн талархаж байгаагаа илэрхийлж, та бүгдийн юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж, төр түвшин, түмэн олон амгалан байж, улс орон нутаг маань хөгжин дэвшихийн ерөөлийг дэвшүүлье”хэмээв.

Дараагаар нь УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Барилга Хот Байгуулалтын сайд, төрийн элч төлөөлөгчдийн тэргүүн Х.Баделхан төрийн ёслолд оролцогчдод хандсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг уншиж танилцуулав.

Ерөнхийлөгчийн илгээлтэд, Алтай ханы Таванбогд уулын тэнгэрийг тайх төрийн их тахилгад хүрэлцэн ирсэн ард иргэд Та бүхэндээ намрын тэргүүн сарын шинийн гуравны балжиннямтай билэгт сайн өдрийн мэндийг айлтган дэвшүүлье. "Тэнгэр газрыг шүтэж, уул усаа түшиж ирсэн Монгол түмний цагийн цагт хадгалсаар ирсэн заншил, соёл, урьдын журмыг дагаж, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэн Алтай ханы Таванбогд уулын төрийн тахилгыг үйлдэж байна. Төрийн тахилгын ёслолыг нийтээр баримтлах зан үйл, дэг журмыг мөрдөн явуулж, ард иргэд, хүүхэд залуучуудад үндэсний соёл, түүх, уламжлал, ёс заншил, нутаг усны тахилгат хайрхан, уул овооны талаар тусгайлан мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан дэлгэрүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг орон нутагт өргөнөөр зохион байгуулах нь зүйтэй. Газрын зулай Алтай нутаг бол уулсын сүрлэг, усны цэнгэг, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн, араатан жигүүртэн чуулж, өвс ургамал тэгширсэн, өнө эртнээс монгол түмний өгөөмөр баян өлгий, нөмөр халхавч болсон ариун дагшин шүтээн, ашдын заяат нутаг билээ.
Алтайнхан уул ам бүрдээ өвөг эртний үеийн буурь бууц, үлдэл олдвор, хадны зураг, бичгийн дурсгал, булш бунхан, бугын хөшөө, хүн чулуу зэрэг хосгүй гайхамшигт түүх соёлын нандин өвийг хадгалан үеийн үед ариун, онгон оршиж байна. Өвгөдөөс өвлүүлсэн өлгий нутаг, өв соёл, билэг оюуныг бид үеэс үед дархлан хадгалж уламжлан баяжуулан явах ёстой" гэжээ.

Мөн үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Алтай таван богд хайрхан уулын тэнгэрт хандаж айлтгасан айлтгалыг сүсэгтэн олон, тахигад оролцогчдод дуудан сонсгосон бол УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Барилга Хот Байгуулалтын сайд, төрийн элч төлөөлөгчдийн тэргүүн Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар тахилгат овоонд хадаг зүүж, зул бадраан, идээ шүүс хөндөж, сүү цацал өргөж, идээний дээжээ овоонд тавилаа.

Түүнчлэн Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн лам Х.Баямбажав тэргүүтэй лам хуврагууд ном хурч, тэнгэрт дуут сум илгээх, морь сэтэрлэж тэнгэрийн хүлэг болгох зэрэг ёслол үйлдлээ.

Дашамд дурдахад Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул /4374 м/ бөгөөд Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.

Таван Богд уул нь таван үндсэн оргилтой, Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдогоороо онцлогтой юм.

Н.Ерлан
2019.08.04