БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС АЖЛЫН ХЭСЭГ ИРЖ АЖИЛЛАЖ БАЙНА

2019 оны 10-р сарын 21, 00:00

АТГ-ын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболдоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн төрийн үйлчилгээтэй холбоотой АТГ-аас ирүүлсэн “Зөвлөмж”-ийн биелэлтийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын биелэлттэй танилцаж, хяналт шалгалтын ажиллагаа явуулж, нийтийн албан тушаалтнуудад сургалт хийж, иргэд олон нийтэд зориулан соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулан, орон нутгийн иргэдийн санал бодлыг сонсож, гомдол, мэдээлэл хүлээн авч ажиллах юм.

Тэрээр өнөө өглөө орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлээр АТГ-аас ирүүлсэн “Зөвлөмж”-ийн биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцав. Үүний дараа “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах төрийн байгууллагуудын албан хаагчид болон эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалтад нийт 80 гаруй хүн хамрагдсан бөгөөд сургалтыг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн мэргэжилтнүүд “Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудлууд”, “Авилгын гэмт хэргийн шалтгаан нөхцөл”, “Албан тушаалтны ХАСХОМ, анхаарах асуудал”, “Авилгын эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвийн хүрээнд сургалт явууллаа.

Ажлын хэсэг тус аймагт 21-22-ний өдрүүдэд ажиллах ба маргааш буюу 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагт Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн хурлын зааланд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага,ард иргэдэд зориулсан “Иргэн төв”-тэй соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулж, “Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдвийн дор уулзалт хийх юм.

 

Н.Ерлан

2019.10.21