БАГА АНГИЙН БАГШ НАРЫН МЭДЛЭГИЙГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

2019 оны 11-р сарын 01, 00:00

Баян-Өлгий аймгийн аймгийн хос хэлээр сургалт явуулдаг сургуулиудын бага ангийн багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалт боллоо.

Сургалтыг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Боловсролын хүрээлэн, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар Дэлхийн банктай хамтран зохион байгуулав.

Сургалтаар 2019-2020 оны хичээлийн жилд баримтлах бодлого, Боловсрол олгох арга барил, Бага насны хүүхдийн сэтгэлгээнд тохирсон арга аргачлал, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, сурах бичгийн агуулга, онцлог, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, боловсролын үнэлгээний шинэчлэл, анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр хичээл заасан юм.

Энэхүү сургалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн биелэлт, боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт болон цаашид хийгдэхэр төлөвлөгдсөн ажлуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлсэн үгэндээ Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, эрүүл энх , аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. Энэхүү багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтад хичээл зүтгэл гаргаж оролцож буй Та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлье.

Орчин үеийн боловсролын үндсэн агуулга дижитал хэлбэрт шилжих шилжилтийн үед хүн төрөлхтөн зогсож, өсвөр үеийнхэнд аль болхоор чанартай боловсрол эзэмшүүлэхээр чармайж буй орны нэг нь манай Монгол орон, түүний нэг хэсэг нь манай аймаг.

Аймгийн Засаг Даргын зүгээс боловсролын чанарыг дээшлүүлэх талаар өөрийн мөрийн хөтөлбөртөө тодорхой зорилтуудыг тусгаж, сургалтын орчныг сайжруулж багш, сурагчдын хөдөлмөрийг зүй зохистой үнэлэх, сурлагын чанарт урамшууллын хөшүүргийг нэвтрүүлэх, сургуулийн удирдлагын сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд байнга анхаарал тавьж ажиллаж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, гадаадын төсөл хөтөлбөрөөр багагүй бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж боловсролын чанарын дээшлүүлэх сургалтын орчныг сайжруулах зорилгоор олон ажил төлөвлөж, ажил хэрэг болголоо.

Тухайлбал боловсролын орчныг сайжруулах ажлын хүрээнд сүүлийн 3 жилийн хугацаанд 16 цэцэрлэг, 9 сургууль, 5 дотуур байр барьж ашиглалтад оруулсан бол боловсролын чанарыг сайжруулах ажлын хүрээнд энэ оны 6-р сарын 26-наас 7-р сарын 5-ны хооронд 10 хоног аймгийн хос хэлээр сургалт явуулдаг сургуулиудын бага ангийн багш нарын монгол хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг Сагсай сумын "Зост" амралтын газарт зохион байгуулав. Мөн сүүлийн 3-н жилийн хугацаанд элсэлтийн ерөнхий шалгалтад багагүй анхаарал хандуулж Засаг Даргын нэрэмжит шалгалтыг удаа дараа явуулж багш нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэн, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ажлыг шинэ шатанд гарган ажилласны үр дүнд 2018 оны ЭЕШ-д 3 байраар урагшиллаа.

Түүнчлэн элсэлтийн ерөнхий шалгалтад Англи ,Орос хэлний хичээлүүд Улсад маш дээгүүр байранд орж аймгийн хүүхдүүдийн гадаад хэлний мэдлэг нилээн сайн гэдгийг удаа дараа баталж, Математик Хими, Физикийн хичээлүүд улсын дундажыг барьж байгаа ба харин Монгол хэлний хичээл Улсын дунджаас доогуур гарсанд бид дүгнэлт хийж түүнийг засаж сайжруулах талаар анхаарал хандуулан ажиллаж байна.

Боловсролын аливаа үйл ажиллагаа хамтын хөдөлмөрөөр хэрэгждэг багийн ажил учраас энэ багт багтаж буй хүн бүхэн өөрийн хариуцлага, үүрэг, байр сууриа мэдэж, хичээн ажиллаж тодорхой үр дүнд хүрч их амжилт гаргахыг та бүхэнд уриалж байна” гэв.

Сургалт 4 хоног үргэлжилж нийт 500 гаруй багш хамрагдсан байна.

Н.Ерлан
2019.11.01