“УЛААНХАД” БАГА СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЖ, НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019 оны 11-р сарын 06, 00:00

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Улаанхад багт шинээр баригдсан 100 хүүхдийн багтаамжтай бага сургуулийн барилга ашиглалтад орж өчигдөр нээлтээ хийлээ.

Тодруулбал: аймгийн Засаг дарга А.Гылымхан 2016 онд Швейцарын холбооны улсын Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ-ын төлөөллүүдтэй уулзаж, боловсролын чанарыг сайжруулах, хүүхдүүдийн эрүүл, аюулгүй таатай орчин нөхцөлд сурч хүмүүжих боломжийг бүрдүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж хамтран ажиллахаар тохирсон юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд Швейцарын холбооны улсын Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ-ын дэмжлэгээр Улаанхус сумын Хөх хөтөл багт 100 ортой хүүхдийн цэцэрлэг баригдсан бол энэ удаа аймгийн төвөөс 170, Алтай сумын төвөөс 60 км алслагдсан, 120 өрх 480 орчим хүн амтай Улаан хад багт шинээр бага сургуулийн барилга сүндэрлэж хүүхэд багачуудад ая тухтай суралцах орчин бүрдэж байна.

Барилгын нийт санхүүжилт нь 450 сая төгрөг бөгөөд Швейцарын Холбооны Улсаас 100 хувь санхүүжүүлсэн юм. Мөн сурагчийн ширээ, сандал, гал тогооны тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан байна. Харин орон нутагтай хамтран хуучин хичээлийн байрыг дотуур байр болгон засварлаж, нарны эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэх эх үүсвэр бий болгожээ. 
Сургууль нь дотроо гал тогоо, номын сан, ариун цэврийн байгууламжтай бөгөөд барилгын ажлыг "Көшелик" компани чанартай гүйцэтгэж хугацанаасаа өмнө ашиглалтад хүлээлгэн өгчээ. Сургуулийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Х.Жанузах, ИТХ-ын төлөөлөгч, "Көшелик" ХХК-ны захирал Х.Мүпти, ГХБХБГ-ын К.Болат, Алтай сумын ИТХ-ын дарга М.Амантай, Засаг дарга А.Асет болон иргэд хөдөлмөрчид оролцсон юм.
Үүний дараа аймгийн Засаг дарга тус багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн биелэлт, хийгдсэн хөрөнгө оруулалт болон цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонсож ажиллалаа.
Дашрамд хэлэхэд бяцхан хүүхэд багачуудын суралцах орчныг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж яваа Швейцарын холбооны улсын Ла Мэнса Э Ил Грэжжэ ТББ-ын тэргүүн Маттёо Бэллинэлли болон Монгол улс дахь төлөөлөгч Сайхан Монголын өнгө ТББ-ын тэргүүн Б.Лхагвачулуун нарт аймгийн Засаг дарга түүний тамгын газар болон Өлгий нутгийн зон олны нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.
 
 
 
Н.Ерлан
2019.11.06