ЭЛЧИН САЙД ЖАЛГАС ЖУМАЕВИЧ АДИЛБАЕВ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019 оны 11-р сарын 07, 00:00

Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Жалгас Жумаевич Адилбаев энэ сарын 6,7,8-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
 
Элчин сайдыг өчигдөр аймгийн удирдлагууд угтан авч, уулзлаа. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга А.Гылымхан Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын 25 жилийн дараа Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлалыг онцолж, айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд хамтран ажиллах гэрээ байгуулснаар өргөн цар хүрээг хамарсан үр дүнтэй айлчлал болсон тухай тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. Мөн аймгийн удирдлагуудын зүгээс хамгийн тулгамдаад байгаа хоёр улсын харьяатаас гарсан эсвэл орж чадахгүй байгаа иргэдийн асуудлыг шийдэх талаас нь онцгой анхаарч ажиллахыг санал болголоо.
 
Харин элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев харьяатын асуудалтай иргэдийн санал хүсэлтийг зохих газарт уламжилж шийдвэрлүүлэх талаас нь анхаарч ажиллахаа илэрхийллээ.
 
Элчин сайд 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 8-ны Баасан гараг хүртэл тус аймагт ажиллаж Консулын асуудлаар иргэдтэй уулзалт хийж, саналыг сонсох, Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, сурагчидтай уулзах, Казахстан улсын тусламжаар үерт өртсөн иргэдэд зориулан барьж байгаа Казахстан хороололтой танилцах зэрэг хөтөлбөртэй юм.
 
Н.Ерлан
2019.11.07