Хөдөлмөрийн баатар Бөхийн Баастын нэрэмжит ЕБ-ын 2-р сургууль лаборатори сургуулийнхаа нээлтийг хийлээ

2019 оны 11-р сарын 08, 00:00

Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Баастын нэрэмжит Өлгий сумын ерөнхий боловсролын 2-р сургууль албан ёсоор ЛАБОРАТОРИ сургуулийнхаа нээлтийн ажиллагааг өнөөдөр хийлээ.

Тодруулбал: Тус аймгийн монгол хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор БСШУС-ын сайдын 2018 оны А/830 тоот тушаалаар Өлгий сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийг БСШУС-ын яамны харъяа лаборатори сургууль болгосон юм. Эл шийдвэрийг дагуу өнөөдөр Лаборатори сургуулийн албан ёсны нээлтийн ажиллагаа зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд урилгаар аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Х.Зауре, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан нар болон сургуулийн эцэг эхийн төлөөллүүд, багш сурагчид оролцлоо.

Тус аймгийн хувьд аймгийн ИТХ-ын хуралдаанаар Монгол хэлний хичээлийн чанарыг сайжруулах чиглэлээр гурван дэд хөтөлбөр баталж, БСШУСЯ-наас ач холбогдол өгч хамтран томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч төдийлөн ахиц гарахгүй байгаа юм. Үүнийг салбарын яам болон орон нутгийн зүгээс онцгой анхаарч монгол хэлний сургалтын чанарыг сайжруулах, сурагчдыг болон сургалтын арга зүйг дээшлүүлэх, хичээлд суурилсан сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж улам сайжруулан ажиллахаар зорьж ийнхүү 2-р сургуулийг ЛАБОРАТОРИ сургуулийн статуст шилжүүллээ.

Н.Ерлан

2019.11.09