0-10 НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭХЧҮҮДИЙН АЖЛЫН ЦАГИЙГ БАГАСГАХ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

2020 оны 03-р сарын 03, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан өнөөдөр 0-10 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/132 дугаар захирамж гаргалаа.


Эл захирамжид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг болзошгүй аюулаас хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор 3 дугаар сарын 30-ныг хүртэл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагад ажилладаг 0-10 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд болон 0-10 насны хүүхэдтэй ганц бие эцгүүдийн өдөр тутмын ажлын цагаас 1 цагийг хорогдуулан ажиллуулахыг байгууллагын удирдлагуудад зөвшөөрч, мөн хамаарах ажилтны албан үүргийн зохицуулалтыг зохион байгуулж, байгууллагын хэвийн ажиллагааг хангах, тухайн ажилтны цалин хөлсийг бүтэн ажилласанд тооцож олгохыг үүрэг болголоо.

Ингэснээр бага насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, ар гэр, үр хүүхэддээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа аж.

Н.Ерлан
2020.03.03