УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮДТЭЙ ЦАХИМААР ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2020 оны 03-р сарын 17, 00:00

Өнөөдөр Улсын Онцгой Комиссын бүрэлдэхүүн Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахимаар хурал хийж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээ сонсож үүрэг чиглэл өглөө.

 
Тухайлбал: СОVID-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, Коронавируст халдвар бүртгэгдсэн улс орноос ирж Цагааннуурын хилийн боомтоор нэвтэрсэн Монгол улсын иргэдийг тусгаарлаж ажиглалтанд авч, хяналтаа улам чангатгах, тогтмол эрүүл мэндийн хяналтанд байлгах, Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд онцгой анхаарах, тусгаарлах, ажиглалтанд авах байруудыг бэлдэх, бэлэн байдлыг хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийг цаг үеийн мэдээ мэдээллээр хангаж СОVID-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тогтмол хүргэж ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.
 
Үүний дараа аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан Улсын Онцгой комисст бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тусгай өмсгөл бэлдэхэд шаардлагатай 255 сая төгрөгийг, мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Нэгдсэн эмнэлгийг тусгай үүргийн унаагаар хангах, өмнөх жилүүдийн үерийн гамшгийн үед гарсан зарим үлдэгдэл зардлуудыг шийдэж өгөхийг уламжилсан юм. Харин Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтевшин үерийн гамшгийн үед гарсан зарим үлдэгдэл зардлуудыг шийдсэн, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тусгай өмсгөл бэлдэхэд шаардлагатай хөрөнгийн нарийн тооцоог гаргаж бичгээр хүргүүлэхийг хэллээ. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгай үүргийн туулах чадвар сайтай авто машин өгөхөө мэдэгдлээ.
 
Н.Ерлан
 
2020.03.17