БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 2020.03.20

2020 оны 03-р сарын 21, 00:00

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 13 дугаар хуралдаан өнөөдөр /2020.03.20/ болж, хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

1. Коронавирус /covid-19/ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Бүгд Найрамдах Казахстан улсаас 3 дугаар сарын 13-ны өдөр ирж гэр гэртээ тусгаарлагдаж байгаа 59 иргэдийн эрүүл мэндийг ажиглах 14 хоногийн дуусах хугацаа нь болох 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл аймаг, сумдын төвөөс орох гарах зорчигч тээврийн зорчих хөдөлгөөний хязгаарласан шийдвэрийг энэ сарын 26-ны өдөр хүртэл сунгав

2. Улсын Онцгой комиссоос Цагаан сар, Олон улсын Эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурыз баярыг тэмдэглэхийг хориглосон учир болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Наурызын баярын өдөр буюу 03 дугаар сарын 22-ны өдрийн 10.00-20.00 цаг хүртэл Өлгий сумын төвийн авто тээврийн хөдөлгөөнийг хориглов.

3. Наурызын баяр буюу 3 дугаар сарын 22-ны өдөр аймгийн төвийн хүнс болон малын зах зэрэг хүмүүс олноор цугларах газруудын үйл ажиллагааг зогсоoв.

4. Коронавирус /covid-19/ өвчнөөс урьдчилан сэргийлэх, Наурызын баярыг иргэд гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх талаар ухуулан таниулах ажил зохион байгуулахыг Орон нутгийн олон нийтийн радио телевизийн захирал Н.Оспан, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл нарт тус тус үүрэг болголоо.

Иймд ард иргэд маань төр засгийн гаргасан шийдвэрийг хүндэтгэн биелүүлж, Наурызын баяраар айл хэсэхгүй, гэр гэртээ тэмдэглэж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриалж байна.

Н.Ерлан
2020.03.20