АЖИГЛАЛТЫН 14 ХОНОГ НЬ ДУУССАН 59 ИРГЭНИЙГ ТУСГААРЛАХ БАЙРНААС ГАРГАЛАА

2020 оны 03-р сарын 29, 00:00

Улсын Онцгой Комиссын хуралдаанаар энэ оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 7 хоногоор сунган 21 хоног болгож, харин авто замын боомтуудаар орж ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 14 хоног буюу хэвээр үлдээсэн юм. Ингэснээр зөвхөн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлах хугацаа нь 7 хоногоор сунгагдсан болно.

Иймд тус аймагт 03 дугаар сарын 14-ээс эхлэн авто замын Цагааннуурын боомтоор орж ирэн тусгаарлагдсан нийт 343 иргэдээс ажиглалтын 14 хоног нь дууссан иргэдийг дарааллын дагуу мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгаарлах байрнаас гаргаж байгаа ба гарсан иргэдэд гэр гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлан ажиглах, нийтийн тээврээр зорчихгүй байх, өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөн ажиллаж байна.

Өнөөдөр ажиглалтын хугацаа нь дууссан 59 иргэнийг тусгаарлах байрнаас гаргасныг Онцгой байдлын газраас мэдээллээ.

Н.Ерлан
2020.03.28