Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын "Баян-Өлгий Орон Нутгийн Хөтөлбөр" ард иргэдэд 65 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна

2020 оны 03-р сарын 31, 00:00

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Баян-Өлгий Орон Нутгийн Хөтөлбөр нь дэлхий даяар тархаж буй COVID19 тахлын энэ цаг үед хүүхэд, гэр бүл, орон нутгийн ард иргэдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Тухайлбал: Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хүний биеийн дархлааг дэмжих зорилгоор Баян-Өлгий аймгийн зорилтот бүлгийн 282 өрхөд 30 сая төгрөгийн өртөг бүхий 1 сарын хэрэглээний хүнсний багц болон түлээ нүүрсээр хангаж, орон гэргүй 10 айлд нийт өртөг нь 33 сая 200 мянган төгрөгийн 5 ханатай иж бүрэн 10 гэр олголоо.

Мөн өнөөдөр онц байдал үүссэн үед ард иргэдийг гамшгаас хамгаалахад тэргүүн эгнээнд ажиллах аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудын эрүүл ахуй, өвчнөөс өөрсдийгөө хамгаалахад дэмжлэг болгож 2 сая 500 мянган төгрөгийн өртөг бүхий 2500 ширхэг санитолыг аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга А.Гыламхан, аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Анхбаяр нарт хүлээлгэж өглөө.

Энэ үеэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гыламхан: Дэлхийн Зөн Монгол ОУБ нь 2016, 2018 онуудад Өлгий сумд болсон үерийн гамшгийн үед зорилтот бүлгийн иргэдэд зориулж бэлэн мөнгөний болон эд материалын хандив өргөсөн. Энэ удаа COVID19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлгүй даван тулахад зорилуж “Хүн ардынхаа эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө сайн санаачлагаараа хандив өргөж байна. Иймээс харамгүй дэмжлэг үзүүлсэн Дэлхийн Зөн Монгол ОУБ- ын удирдлага, хамт олонд ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Энэ бол эх оронч сэтгэлгээ, гар биеэр оролцож байгаа халуун сэтгэлийн илэрхийлэл юм. Уг өвчлөлөөс сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал хэмээн тэрээр онцоллоо.

Дараагаар нь Дэлхийн Зөн Монгол ОУБ"-ын Байн-Өлгий Орон Нутгийн Хөтөлбөрийн Менежер Д.Болатбек хэлэхдээ” Далайд дусал нэмэр гэдэг, Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас дэлхий нийтэд тархаж буй өвчнөөс иргэдийг хамгаалах их үйлсэд цаашдаа ч хамтарч ажиллахад бэлэн байна. COVID19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цаг наргүй хүчин зүтгэж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн Та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд амжилт хүсье” гэв.

Ард иргэдийн аюулгүй байдлын төлөө, эх оронч сэтгэлээр хандив өргөсөн танай хамт олонд гүн талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Аюулт өвчин холуур өнгөрч, сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай!

Н.Ерлан
2020.03.31