АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН “ЭРЧИМ БАЯН-ӨЛГИЙ” ХК-НЫ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2021 оны 01-р сарын 20, 00:00

Энэ сарын 11-ний өдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржан  дулааны асуудлаар “Эрчим Баян-Өлгий” ХК-ны гүйцэтгэх захирал М.Тилеубердитэй уулзаж, тасралтгүй дулаанаар хангах, дулаан хангамжийн доголдол үүсгэхгүй байх талаар үүрэг чиглэл өгсөн юм.

Үүнтэй холбогдуулан  аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Ш.Хавыл,  ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга З.Болат,  мэргэжилтэн Х.Алдабергэн нар өнөөдөр “Эрчим Баян-Өлгий” ХК-ны үйл ажиллагаатай танилцаж, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, дулааны станцын засвар үйлчилгээ, нүүрсний нөөц боломжийг биечлэн үзэж тус компани төлөөллүүдтэй санал солилцлоо.

“Эрчим Баян-Өлгий” ХК нь халаалтын зуух болон дулааны станцад бүрэн засвар үйлчилгээ хийж, хүчин чадлыг улам нэмэгдүүлэн өнөөдөр нэг зуухыг нэмж ашиглалтад оруулжээ.

Ингэснээр зуухны дулаан үйлдвэрлэх чадал нь 64,5Гкал/цаг буюу Өлгий хотын А бүсэд байрлалтай ААН, Албан байгууллага, Хаус байшингуудыг бүрэн халаах хүчин чадалтай болсон байна. Өлгий сумын дулааны эрчим хүч хэрэглэгчдийн нийт ачаалал 30 Гкал/цаг орчим юм.

Гэхдээ зарим  аж ахуйн нэгж, албан байгууллагуудын ашиглалтын хугацаа дуусч дулаан хадгалалт муудсан, дулааны алдагдалтай, халахгүй байгаа асуудлууд гараад байна. Энэ нь барилгын халаах хэрэгсэл буюу радиатор нь битүүрсэн, дотор халаалтын системийн ашиглалтын хугацаа дууссан, цаашид их засвар хийхгүй бол халах боломжгүй гэж  “Эрчим Баян-Өлгий” ХК-ны дэд захирал бөгөөд ерөнхий инженер А.Бейбит хэллээ.

Мөн Ф300 мм-ийн дулааны гол шугамыг Ф530мм болгон өргөтгөн шинэчилж, усны шүүлтүүр, напортой насос зэрэг орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсан.  Иргэд дур мэдэн нийтийн орон сууцанд өргөтгөл хийхдээ шугам, хоолой, халаах хэрэгслийн хийц элементийг өөрчилснөөс болж бидний халаалтын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа гэлээ.

Харин аймгийн Засаг дарга Д.Бауыржан дулааны асуудалтай холбоотой санал гомдол жил болгон гардаг. Цаашид бэлтгэл ажлаа сайтаар базааж, хэрэглэгчдийг тасралтгүй дулаанаар ханган, дулаан хангамжийн доголдол үүсгэхгүй байх, утаа, хөө, угаарын хий ойролцоо орших айл өрхүүдэд тухгүй байдал үүсгэж байгааг анхааралдаа авах, мод тарьж ногоон байгууламж бий болгохыг үүрэг болголоо.

Н.Ерлан