АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН МАЛЫН ТҮҮХИЙ ЭДИЙН ХУДАЛДАА ЭРХЭЛДЭГ БИЗНЕСМЕНҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2021 оны 01-р сарын 20, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгагдсан зорилтуудыг танилцуулах, мөн үйлдвэр байгуулах замаар ажилгүйдлийг бууруулах зорилгоор салбар салбарын төлөөлөлтэй уулзалт хийж, санал солилцож байна.

Өнөөдөр “Ахдам”  захад малын түүхий эдийн  худалдаа эрхэлдэг бизнесменүүдтэй уулзалт хийж аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг танилцууллаа. Мөн бизнес эрхлэгчдийг орон нутагт баялаг бүтээж, үйлдвэр байгуулах замаар ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллахыг уриалав.

Тэрээр хэлсэн үгэндээ, “ Хөдөө аж ахуйн гаралтай  бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бидэнд байна. Нэхийгээр нэхий дээл, бээлий, малгай, шаахай, суудлын бүрээс, хивсэнцэр, олбог, тохом, эмээлийн суудал, арьсан гутал, хувцасны доторлогоо, гутлын улавч, арьсан элгэвч гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой .Хамгийн гол нь Бид нэг нэгэндээ өрсөлдөгч биш хамтрагч байж хөгжлийн хөтлөгч хүч болох ёстой. Тиймээс та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна” гэв. 

Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчид аймгийн Засаг даргын санаачилгыг дэмжиж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Н.Ерлан

2021.01.20