А.ГЫЛЫМХАН: БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛДАА ТҮШИГЛЭН ХӨГЖИХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

2017 оны 01-р сарын 09, 00:00

Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, төсөв, санхүүгийн байдал, цаашдын төлөв, орон нутагт анхаарах асуудал болон цаг үеийн зарим ажлын талаар хэлэлцсэн аймаг, нийслэлийн Засаг дарга нарын семинар энэ сарын 5-6-нд Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Баян-Өлгий аймагт өвөлжилт ямар байна. Зудад нэрвэгдсэн сумууд байна уу?
-Арваннэгдүгээр сарын эхээр их хэмжээний цас орсны улмаас уулархаг нутгаар өвөлжилт хүндэрсэн. Ялангуяа Булган, Сагсай сумын Даянгийн нутгаар ихээхэн цас орсон. Эдгээр сумдаар өвөлжилт хүндэрч байна.

Аймгаас яаралтай арга хэмжээ авч, Булган сумын 60 гаруй мянган толгой малыг Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгуудаар оторт гаргасан. Аймгийн төвөөс 300 км алслагдсан Булган сумын Улаагчингийн давааны замын цасыг цэвэрлэх ажлын хэсэг гаргасан. Ялангуяа арваннэгдүгээр сарын сүүлч, арванхоёрдугаар сарын эхээр зам даваа хаагдаад байсныг хэвийн болголоо.

-Та орон нутгийн хөгжлийн бодлогоо тодорхойлсон уу. Засгийн газраас ямар чиг үүрэг өгсөн бэ?
-Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө баталсан. Энэ хөтөлбөр маань аймаг, орон нутгаа хөгжүүлэх гол бодлогын баримт бичиг юм. Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр таван бүлэг, 300 гаруй заалтаас бүрдсэн. Түүний дагуу хэрэгжүүлээд явж байна.

-Баян-Өлгий аймагт шийдлээ хүлээсэн ямар асуудлууд байна вэ?
-Манай аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга 1975 онд баригдсан. Аймаг тухайн үед 50 мянган хүн амтай байсан. Өнөөдөр энэ тоо хоёр дахин нэмэгдсэн учир эмнэлэг ачааллаа дийлэхээ больсон учир эмнэлгийн байрыг шинэчлэх шаардлагатай байна. Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр энэ асуудлаа танилцуулсан. Засаг даргын мөрийн хөтөлбөртөө ч үүнийг тусгасан. Бид шинэ эмнэлгийн зураг төслийг гаргах ажилдаа орсон. Зураг төслөө энэ ондоо багтаан гаргана. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эхний ээлжинд эмнэлэг барих асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн. 

Өнгөрсөн оны зургаадугаар сард манай аймагт үерийн гамшиг болсон. Үерийн улмаас 2.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Засаг даргын ажлаа авснаас хойш эхний 3-4 сарын хугацаанд үерийн гамшгийг арилгах ажилд гол анхаарлаа хандууллаа. Төр засаг, компаниудаас нийтдээ 1.7 тэрбум төгрөгийн тусламж өгсөн. Ийм гамшиг дахин давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй учир гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд үерээс хамгаалах далан барихаар төлөвлөж байна. Зураг төслөө гаргасан. Одоогийн байдлаар санхүүжилтээ хайж байна.

Нисэх онгоцны буудал 10-аад жилийн өмнө баригдсан. Өнөөдөр стандарт шаардлагад нийцэхгүй. Онгоцны буудлаа өргөжүүлэх, нисэх зурвасаа шинэчлэх орчин үеийн шаардлагад нийцсэн онгоцны буудал барих зорилт тавьсан.

Манай аймаг 1970-аад онд баригдсан ганцхан гүүртэй. Тухайн үед 10-20 тонн машин явдаг байсан бол өнөөдөр 100 тонн даацтай машин явж байгаа. Гүүр нэг өдөр нурж унавал Ховд голын цаана байрлах айл өрхүүд, онгоцны буудал руу хүрч чадахгүй аюул нүүрлэнэ. Иймээс шинээр гүүр барих асуудлыг хөтөлбөртөө тусгаж өгсөн. Энэ асуудлаар Зам тээврийн сайдтай уулзаж ярилцсан.

Хуучин ашиглахгүй байгаа барилгуудыг сэргээн засварлаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд ашиглах, мөн шинээр 5-6 цэцэрлэг, хоёр сургууль барихаар төлөвлөж байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна. Хэд хэдэн суманд арьс, сүү, мах боловсруулах үйлдвэр, барилгын материалын жижиг үйлдвэр барих зэргийг Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон.

-Аймгийн төвд байсан ноос угаах үйлдвэр ажиллаж байгаа юу. Хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байгаа вэ?
-Баруун таван аймгийн ноосыг угаадаг, мөн хивсний том үйлдвэр социализмын үед байсан. Тэр үйлдвэр хувьчлагдахад Оросууд худалдан авч одоо ч гэсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хөрөнгө оруулагчид, эзэдтэй нь бид хэд хэдэн удаа уулзаж, хамтарч ажиллах талаар ярилцсан.

Ноос угаах үйлдвэр жилдээ 800 тонн ноос угаах хүчин чадалтай ч өнөөдөр 250 тонн ноос арай ядан цуглуулж байна. Улаанбаатараас, Хятадаас ноосыг өндөр үнээр худалдан авч байгаа нь хүндрэл учруулж байгаа тухай эзэд нь бидэнд ярьсан.

Иймээс манай аймгийн 90 багт агент ажиллуулж, ноосны урамшуулал зарлах зэрэг менежментийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар бид хэлэлцсэн. Хэрэв 90 багт агент ажиллуулаад ноосоо цуглуулж авах юм бол ноосны үйлдвэрт 500-600 хүртэл хүнийг ажиллуулах боломж бий. Түүнчлэн ноосоо экспортлох, эцсийн бүтээгдэхүүн гаргах боломжууд ч бас бий.

-Баян-Өлгий аймгийн төсөв энэ жил ямар байгаа вэ. Улсын төсвөөс нийт хэдэн төгрөг хуваарилав?
-Энэ жил Орон нутгийг хөгжүүлэх санд маш бага мөнгө хуваарилагдсан. Өмнөх онуудад 9-11 тэрбум төлөвлөж байсан бол энэ жил хоёр тэрбум орчим байгаа. Тус мөнгөний ихэнх хувийг дутуу үлдсэн барилга байгууламжийн өр авлагад өгсөн. Мөн хот тохижуулалтад 100-гаад сая төгрөг, малын вакцинжуулалтад 300 гаруй сая төгрөг төсөвлөсөн.

-Та ажлаа аваад хагас жил болох гэж байна. Энэ хугацаанд ямар ажлуудыг хийж гүйцэтгэв?
-Аймгийн Засаг даргын албыг хүлээж аваад эхний ээлжинд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахад гол анхаарлаа хандуулсан. Долдугаар сарын 29-ны захирамж гаргаад 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, эдгээр хүмүүс Баян-Өлгий аймгийн бүх сумдаар явж, өвлийн бэлтгэл ажлыг хангуулсан. Албан байгууллагууд болон иргэд өвс тэжээл, нүүрсээ татаж авсан. Сумдад өөрсдөө өвс тэжээлийн нөөцтэй болсон. Улсын нөөцийн газраас тендер зарлаж, хамгийн сүүлд 500 тонн өвс тэжээлээ нэмж бэлтгэсэн. 

-Баян-Өлгий ажилгүйдэл ихтэй аймгуудын тоонд ордог. Тэр тусмаа дээд боловсролтой иргэдийн дунд ажилгүйдэл маш их. Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхээр аймгийн удирдлагууд ямар арга хэмжээ авах вэ?
-Манай аймгийн хамгийн тулгамдсан асуудлын нэг бол ажилгүйдэл. Баян-Өлгий аймагт 19700 гаруй ажилгүй хүн байна. Засаг даргын ажлаа хүлээн авснаас хойш хагас жилийн хугацаанд 5000-6000 иргэнээс өргөдөл ирсэн.

Үүний 90 гаруй хувь нь ажилд орох хүсэлтэй залуучуудын өргөдөл. Ажилгүй залуучуудын дийлэнх хувь нь ЕБС, цэцэрлэгийн багш мэргэжилтэй юм байна. Манай аймагт үйл ажиллагаа явуулж буй 48 сургууль, 45 цэцэрлэгт эдгээр хүмүүсийг багтаах боломжгүй.

Оны өмнө нь бид аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнөөр ажилгүйдлийг хэрхэн бууруулах вэ, хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс ямар туслалцаа дэмжлэг үзүүлэх вэ зэрэг асуудлуудыг хэлэлцсэн. Манай аймагт 1259 аж ахуйн нэгж бий. 

Тус зөвлөлгөөнөөр дээрх бүх аж ахуйн нэгж нэгээс доошгүй хүнийг ажилд авах зөвшилцөлд хүрсэн. Тухайлбал, 40 хүртэлх ажилтантай байгууллага нэг хүнийг, 40-60 ажилтантай байгууллага хоёр хүнийг, 60-80 хүнтэй албан байгууллага гурван хүнийг, 80-аас дээш ажилтантай байгууллага дөрвөн хүнийг ажилтай болговол ажилгүйдлийг бууруулах бүрэн боломж бий.

Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед хувийн хэвшлийн байгууллагууд ажилчин авах боломж хомс байна. Ажилгүйдлийг бууруулах тал дээр янз бүрийн арга хэмжээ авна. Энэ бол эхлэл төдий. Уул уурхайн салбар, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна.

-Та уул уурхайн салбарыг хөгжүүлнэ гэлээ. Танай аймагт хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байна вэ. Хэчнээн орд газар байгаа вэ?
-110 газарт ашиглалтын болон хайгуулын уул уурхайн үйл ажиллагаа лиценз байдаг. Гэхдээ ашиглалтын лицензтэй үйл ажиллагаа явуулж байгаа ганцхан газар бий. Энэ бол Цэнгэл сумын вольфрамын үйлдвэр.

Ногооннуур сумын Дулаанхарт уул уурхайн компани ажиллаж байгаад хаагдсан. Тус үйлдвэр Хятад эзэнтэй. Саяхан түүнтэй холбогдож, хамтарч ажиллах талаар ярилцсан. Тус газар уул уурхайн ажлаас дахин эхлүүлэх талаар ярилцсан. Ирэх гуравдугаар сард уулзахаар тохиролцсон. 

-Баян-Өлгий аймагт аялал жуулчлал хөгжиж байна. Үүний нэг жишээ нь, өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулсан Бүргэдийн баярт гадаадын 900 гаруй жуулчин ирсэн гэсэн тоо баримт бий. Аялал жуулчлалын хөгжүүлэх тал дээр ямар бодлого баримтлах вэ?
-Манай аймаг аялал жуулчлалдаа түшиглэн хөгжих бүрэн боломжтой. Бүргэдийн баярыг 17 дахь жилдээ зохион байгууллаа. Бүргэдийн баярыг сонирхох, ирж үзэх хүсэлтэй гадаад, дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.



Энэ онд 900 гаруй жуулчин ирсэн. Эдгээр хүмүүс ирээд буудал, унаа, хоол унд гээд тодорхой хэмжээний мөнгө зарцуулж байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр онгоцны нислэг, дэд бүтцийн асуудал, зочид буудлын хүрэлцээ, үйлчилгээг сайжруулах, анхаарах зүйл их байгаа.

Манайд Алтай Таванбогдын аялал бий. Мөн Толбо нуурын хөвөөнд аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Цаашид ийм эко аяллуудыг хөгжүүлснээр ажлын байр бий болгоно гэж бодож байна.

-Баян-Өлгий аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоогүй цөөн аймгийн нэг. Хатуу хучилттай замтай хэзээ холбож дуусах вэ?
-Манай аймаг нийслэлээс 1700 км алслагдсан. Одоогийн байдлаар 1700 км-ийн 1300 км нь засмал зам. Ховд аймгаас Өлгий хүртэлх 210 км замын 60 км нь засмал. Үлдсэн 153 км замыг 2016-2018 онд хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөсөн.

Өнгөрсөн онд тус замын 30 хувийг тендерээр авсан Хятадын "Хуашинг" компани тавих ёстой байсан ч зөвхөн 10 орчим хувийг л заслаа. Зам засварын ажил энэ оны дөрөвдүгээр сард дахин эхэлнэ. Энэ жил тасалдсан 20 хувиас гадна үндсэн төлөвлөгөө 50-аад хувийг хийж дуусгах шаардлагыг бид тавьсан. Мөн Баянхонгороос Говь-Алтай хүртэлх 300-гаад км замыг тавьж байгаа. 2018 оны сүүлчээр засмал замаар бүрэн холбогдоно гэж төлөвлөж байна.

ОХУ-ын Ташант боомтоос манай улсын Улаан байшингийн боомт руу 100 км зам бий. Түүний 70-аад км нь засмал үлдсэн 30 нь одоог хүртэл тавигдаагүй. Сүүлийн 6-7 жил тендер авсан компаниудын дунд үүссэн хэрүүл маргааны улмаас зам тавигдахгүй байна. Энэ 30 км замыг засмал болгох талаар Зам тээврийн яаманд санал тавиад явж байна.

-Улс орон даяар мах, сүүний анхдугаар аян зарлалаа. Танай аймгийн хувьд хэчнээн толгой малтай вэ. Малын өвчлөл үе үе их гардаг. Малын өвчлөлтэй хэрхэн тэмцэж байна вэ?
-Гурван сая толгой малтай. Өнгөрсөн онд манай аймгийн Булган сумын Түнхэл, Улаанхус гэсэн хоёр баг дээр л малын өвчлөл гарсан. Хорио цээрийн дэглэм тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авсны үр дүнд малын өвчлөлийг дарсан. Өнгөрсөн онд Ховд аймгийн 11 суманд малын мялзан өвчин гарсан. Эдгээр 11 сумтай манай бүх аймгийн бүх сумууд хиллэдэг. Гэхдээ малын өвчлөлийг аймаг руу оруулаагүй.

Сүүлийн жилүүдэд улс даяар малын өвчлөл гарч байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас малыг эрүүлжүүлэх тал дээр онцгой бодлого явуулж байна. Эдийн засгийн тулгуур болсон мал аж ахуйг хөгжүүлэх, мах, сүү боловсруулах талаар онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

Орон нутгийг хөгжүүлэх санд хуваарилагдсан мөнгөнд бодлоготой хандаж малаа эрүүлжүүлэх, мөн малын арьс шир, ноос сүү, махаа боловсруулах төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Манай улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын 30-аад байгууллага бий. Эдгээрээс 5-6-хан төсөл Баян-Өлгий аймагт хэрэгжиж байна. Олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах талаар ярьж, саналаа тавьсан.

-Хамгийн нэн тэргүүнд шийдэх шаардлагатай асуудал юу байна таны бодлоор.
-Ажилтай, орлоготой айл өрхийн тоог нэмэгдүүлэх. Бүгд дээд сургууль төгссөн хэрнээ ямар ч орлогогүй, ажилгүй амьдарч байгаа айл өрхүүд олон бий. Одоо залуус бүгд дээд мэргэжилтэй болно гээд ямар мэргэжил эзэмшихээс үл хамааран чанартай, чанаргүй хувийн, улсын дээд сургуульд зээл тавин байж сурах болсон.

Энэ үзэгдэл нэг талаар ард иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Ажил хүсэж иргэдээс ирүүлсэн 5000 гаруй өргөдөл дотор багш, хуульч, эдийн засагчид их байна. Энэ асуудал дээр эцэг эхчүүд анхаармаар байгаа юм.

Сургалтын чанар, ЭЕШ-ын дүнгээр сүүлийн жилүүдэд манай аймаг хамгийн сүүлд жагсдаг болсон. Иймээс боловсролыг чанаржуулах, сайжруулах талаар Боловсролын сайдтай уулзсан. Сурлагын чанарыг сайжруулах талаар ахиц гаргана.

МСҮТ-д төгссөн хүүхдүүдийн 50-60 хувь ажлын байртай болж байгаа гэсэн судалгаа бий. Шинэ томилогдсон захиралд нь эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр чанартай боловсон хүчин төгсгөх үүрэг өгсөн. Жишээлбэл, тогоочоор төгссөн хүүхдүүд боловсон хүчний шаардлага хангахгүй байна. МСҮТ-ээс төгссөн хүүхдүүдийг хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ руу дадлагажуулах, тэндээс багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Боловсрол эзэмших нь зүйтэй ч чанартай байх ёстой.

Мөн эрүүл мэндийн тал дээр манай аймагт тулгамдсан асуудал их бий. Алслагдсан аймаг мөртлөө иргэдийн ихэнх нь хотод оношоо гаргуулж, эмчилгээгээ хийлгэж байна. Энэ нь ард түмний өмнө тулгамдсан гол асуудал. Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайдтай ярилцсаны үр дүнд сайд анхны томилолтоо манай аймгаас эхлүүлж, нөхцөл байдалтай танилцсан. Эмнэлгийн тоног төхөөрөмж шинэчлэх, эмч нарыг чадавхижуулах асуудлуудыг шийдвэрлэсэн.

-Үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүд бүгд орон гэртэй болсон уу?
-Үерийн гамшигт 360 айл, 1466 иргэн нэрвэгдсэн. 2.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Энэ хүмүүсийг эхний ээлжинд газартай болгосон. 60-70-аад айлд байшин барьж өгсөн. Түүнчлэн Засгийн газраас 100-гаад эсгий гэр хандивласан. Гамшигт нэрвэгдсэн бүх айл өрх, иргэдийг орон гэртэй болгохын төлөө ажиллаж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

Эх сурвалж: http://news.gogo.mn, Х.Көгершин