АВСТРАЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН МАГИСТРЫН СУРГАЛТАНД МАНАЙ АЙМГААС ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ.

2017 оны 02-р сарын 06, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн менежер Ю.Цэцгээ, Ховд Их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор профессор /Ph.D/ Б.Энхжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар менежер Ю.Цэцгээ танилцуулж энэ жилээс магистрын сургалтанд Баян-Өлгий аймгаас оюутан элсүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь «Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах иргэдийг чадавхижуулахын тулд хүний нөөц, манлайллын үндэс суурийг тавих» зорилготой.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд дараах болзол шалгууруудыг хангасан байх ёстой.

- 2017 оны 2-р сарын 1-ний байдлаар, 2 жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн байх, төрийн албанд хоёр жил ажилласан байх ёстой.
- Монголын их, дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй, дипломын голч оноо 3.0, түүнээс дээш.
- Хэрэв Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг бол Academic IELTS-ийн голч оноо 5.5 (Эсвэл TOEFL-ийн дүйцэх оноо) үүнээс уншиж, бичих оноо 5.0, түүнээс доошгүй байх.
- Хэрэв өргөдөл гаргагчид хөдөө орон нутагт амьдарч, ажилладаг бол Academic IELTS-ийн голч оноо 5.0 (Эсвэл TOEFL-ийн дүйцэх оноо) үүнээс уншиж, бичих оноо 5.0, түүнээс доошгүй байх ёстой.

Өргөдөл хүлээн авах хугацаа:

Эхлэх өдөр: 2017 оны 2 дугаар сарын 1-ээс
Дуусах өдөр: 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.australiaawardsmongolia.org цахим хуудаснаас авч болно.