ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ М.ЭНХБОЛД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ

2017 оны 06-р сарын 17, 00:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд өнөөдөр Баян-Өлгий аймгийн ард иргэдтэйгээ уулзалт хийлээ.

Баян-Өлгийчүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас  нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театртаа угтан авлаа. Нэр дэвшигч аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үйл ажиллагаатай нь танилцан эмч нартай уулзлаа.

М.Энхболдыг дэмжигчид Хөгжимт драмын театртаа багтахгүй нэг хэсэг нь гадаа талбайд сууж, дэлгэцээр дамжуулан уулзалтад оролцож байлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нутгийн зон олны амар мэндийг мэдэж, баруун таван аймгийнхан маань Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгч болгохоор шийдчихжээ хэмээн хэлэхэд өлгийчүүд уухайлан дэмжлээ. Тэрбээр “Миеэгомбын Энхболд зөв Ерөнхийлөгч байж чадна. Ерөнхийлөгч хүн албандаа байхдаа ч ард түмний эв нэгдлийн баталгаа, буусан ч эв нэгдлийн баталгаа байдаг” хэмээн онцолж, Монголын төрийг бүтэн, ноён нуруутай болгохыг хүслээ.

Хуралд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди, УИХ-ын гишүүн Гомбожайн Солтан, Хавдисиламын Баделхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Д.Сауле болон аймгийн удирдлагууд оролцож ард иргэдэд зөв сонголт хийхийг уриаллаа.