“НУР” НЭРТЭЙ ЭМНЭЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ.

2017 оны 10-р сарын 19, 00:00

Дэлүүн сумын төвд “Нур” нэртэй эмнэлэг үүд хаалгаа нээлээ. Эмнэлгийн  албан ёсны нээлтийн ажиллагааг өчигдөр хийсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл, ХХААГ-ын дарга Б.Ерболат ХХҮГ-ын халамжийн хэлтсийн дарга Х.Бауыржан болон сумын удирдлагууд ард иргэд оролцсон юм.

Тэрээр нээлтийн ажиллагаанд оролцсон аймгийн Засаг дарга А.Гылымхан ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор баригдсан “Нур” эмнэлгийн үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллахаа  илэрхийлж,  аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргын нэрийн өмнөөс талархалын бичиг гардуулж эд зүйлээр шагнан урамшуулав.

Эмчилгээний 15 ор бүхий хүчин чадалтай шинэ эмнэлгийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Хаугажайн Самархан өөрийн хөрөнгөөр  барьж  ашиглалтад оруулсан ажээ. Тус эмнэлгийн доод давхарт нь  амбулаторийн үйчилгээ үзүүлдэг бол дээд  давхар нь хэвтэн эмчлүүлэгчдэд зориулагдсан байна.

Шинээр ашиглалтанд орсон тус эмнэлэг нь харъяалал харгалзахгүй үйлчилдэг бөгөөд эмчилгээний орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг суурилуулж, мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдээр хангагдсан  баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран ажилладгаараа  онцлогтой юм.