“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017 оны 11-р сарын 26, 00:00

Монголын залуучуудын холбооны санаачилгаар 2002 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг улс даяар Улс тунхагласны ойн өдрөөр зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ.

Өнөөдөр уламжлал ёсоороо Гавьяат багш , доктор профессор Б.Хурметбекийн нэрэмжит Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар бүрэн дунд сургуулийн Арай клубт зохион байгуулагдсан Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд 260 сурагч оролцсон юм. 

16 нас хүрч иргэний цахим үнэмлэхээ авч буй залуу үеийнхэнд “Эх оронч сэтгэлгээг бий болгох, шударга амьдарч, хөдөлмөрлөж, төр түмнээ эрхэмлэн дээдлэн, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх” зорилгоор Монгол улсын иргэн гэдгийг батлах иргэний цахим үнэмлэхийг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд Баян-Өлгий аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Гылымхан, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Хүүхдийн төлөө нэгдсэн зөвлөлийн НБД Т.Нансалмаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Б.Хурметбекийн нэрэмжит Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар бүрэн дунд сургуулийн захиарл К.Еркегүл, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Арман, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар олон жил ажиллаж байсан Өлгий сумын өндөр настан Доман, аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж.Харшыга нар оролцож шилдэг 30 гаруй сурагчид иргэний үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Үндсэн Хуульд заасан тусгаар тогтнол , бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх үзэл санаанд тулгуурласан энэхүү хүндтэй ёслолыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар,  Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Залуучуудын холбоо Б.Хурметбекийн нэрэмжит Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар бүрэн дунд сургууль хамтран зохион байгуулсан байна.

Онцолж хэлэхэд энэ жил улсын хэмжээгээр 64375 сурагч 16 нас хүрч байгаа юм. Үүнээс Улаанбаатарт 17254, /хөдөө орон нутаг/  21 аймагт 47121, Баян-Өлгий аймагт 260 сурагч байгааг статистикийн хороо мэдээлжээ.

 

Н.Ерлан.

2017.11.26