ХҮҮХДИЙН НЭГДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙГ ШИНЭЭР БАРИХ САНАЛ ТАВИВ.

2018 оны 02-р сарын 05, 00:00

Өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын Яамны Иргэн-Цэргийн дэмжлэгийн багийн гишүүдийг хүлээн авч уулзаж санал солилцлоо.

Уулзалтаар зочид төлөөлөгчид Эрүүл мэнд, Боловрсол, Хөдөө аж ахуйн салбарт томоохон төсөл хэрэгжүүлэх, мөн аймгийн хүүхдийн цэцэрлэгүүдэд тоглоом, ном хандивлах зорилгоор явж байгаагаа илэрхийллээ.

Үүний дараа аймгийн Засаг дарга А.Гылымхан Боловсрол, Эрүүл мэндийн салбар бол хамгийн чухал салбарууд гэдгийг онцолж, гол тулгамдаж байгаа нэн шаардлагатай ашиглалтын хугацаа дууссан, дээвэр нь нуурж хаагдсан Өлгий сумын хүүхдийн нэгдүгээр цэцэрлэгийг тус төсөл хөтөлбөрт хамруулан шинээр барьж өгөх саналыг уламжилж цаашид дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгааг хэлсэн юм.

Харин зочид төлөөлөгчид аймгийн Засаг даргын санал болгосон хүсэлтийг хүлээн авч, төсөл хэрэгжүүлэх газар болон хүүхдийн нэгдүгээр цэцэрлэгийн барилгатай танилцаж судалж үзэхээр болов.

Онцолж хэлвэл АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Джениффер Зимдал Галт Монгол улсад 2015 оноос Эрүүл мэнд, Боловрсол, Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ жилээс алслагдсан аймаг сумд хэрэгжүүлэх болсон байна.

Н.Ерлан

2018.02.05