НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮН АМЫН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

2018 оны 02-р сарын 19, 00:00

 

/2018.02.18/  Өчигдөр аймгийн удирдлагууд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Хатагтай Наоми Китахара-г  хүлээн авч уулзаж ярилцлаа. Уулзалтын эхэнд Хатагтай Наоми Китахара НҮБ-ын Хүн амын сангийн “Улс орныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдсэн төсөл, хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийв.

Үүний дараа аймгийн удирдлагууд  НҮБ-ын Хүн амын сангийн эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр өндөр байсныг  онцолж эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн хангамжийг сайжруулах, өсвөр үеийн жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэх чиглэлээр  хамтран ажиллах санал тавьж  тохиролцоонд хүрлээ.

 

Уулзалтын төгсгөлд Наоми Китахара Эх нярайн эндэгдлийг бууруулах нь НҮБ-ын Хүн амын сангийн гол зорилтын нэг гэдгээ хэлж Эх нярайн тусламжид дэмжлэг үзүүлэхэд татгалзах зүйлгүй цаашид урьдчилан сэргийлэх талаас нь анхаарч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо илэрхийлэв.

Онцолж хэлбэл    НҮБ-ын Хүн амын сан нь Баян-Өлгий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэд Залуучуудын хөгжлийн төв байгуулан санхүүгийн болон эд материалын дэмжлэг үзүүлж залуучуудыг нийгэмшүүлэх, боловсрол олгоход тусалж хамтран ажиллаж байгаа юм.

Н.Ерлан.

2018.02.19