"АЙ ТИ ЭМ МОНГОЛИА”-2018 ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН 19 ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018 оны 03-р сарын 30, 00:00

Монголын аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин аялал жуулчлалын яам, албан ёсны Түнш аймаг Завхан аймагтай хамтран "Ай Ти Эм Монголиа”-2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 19 дахь жилдээ Улаанбаатар хот Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.

Тус аялал жуулчлалын үзэсгэлэн нь оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол улсын хэмжээнд зохион байгуулагддаг хамгийн том үзэсгэлэн төдийгүй, нийслэл хот, 21 аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагдаж шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулахаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг бий болгодог давуу талтай ажээ.

Энэхүү арга хэмжээнд Баян-Өлгий аймгаас 20 гаруй аялал жуулчлал, гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компани төлөөлөл хамрагдаж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцлоо.

Н.Ерлан

2018.03.30