БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРЭЛДЭХҮҮНИЙ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2018 оны 04-р сарын 10, 00:00

Өчигдөр /2018.04.09/ баруун бүсийн тулгуур төв болох Ховд аймагт баруун бүсийн зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүний анхдугаар хуралдаан боллоо.

Хуралдаанд Ховд аймгийн Засаг дарга, Баруун Бүсийн Зөвлөлийн дарга Д.Галсандондог, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй Баруун бүсийн зөвлөлийн гишүүд оролцсон юм.Тус хурлаар бүс нутгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, бүс нутгийн хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.

Түүнчлэн   Баруун бүсийн аймгуудаас “Улсын тэргүүний загвар сум” шалгаруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах болзол”-д өөрчлөлт оруулах талаар болон Бүсийн зөвлөлийн ажлын төлөвлөгөөг тус тус хэлэлцсэн юм.Мөн Баруун Бүсийн Зөвлөлийн гишүүдээс Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Улсын тэргүүний сум” шалгаруулах үйл ажиллагааг 2 жилд нэг удаа биш жил бүр зохион байгуулах тухай санал гаргаж Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уламжлахаар болов.

Үүний дараа Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” болзлын дагуу Баруун бүсийн аймгуудын  ЗДТГ-ын дарга нар Баян-Өлгий аймгийн Толбо, Ховд аймгийн Булган, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Тосонцэнгэл, Говь-Алтай аймгийн Төгрөг сумдын ажлыг газар дээр нь шалгах, дүгнэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 03-ний өдөр хүртэл дээрх 5 суманд ажилласан тухай танилцуулж болзол шалгуурын дүнг хэлэлцэн шалгуур үзүүлэлтээрээ өндөр оноо авсан Увс аймгийн Бөхмөрөн сумыг “Улсын тэргүүний сумаар шалгаруулах шийдвэрийг бүсийн зөвлөлөөс гаргалаа.

Эцэст нь хэлэхэд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хуралдааны үеэр Цагааннуурын хилийн боомтыг уртасгасан цагаар ажиллуулах, Баян-Өлгий-Казахстан чиглэлийн Нислэгийг сэргээх, Цагааннуур чиглэлийн 25 км-ийн хатуу хучилттай авто замыг эхлүүлэх ажлыг бүсийн зөвлөлийн хуралд санал болгон тавьж, нэгдсэн бодлогоор дэмжин ЗГ-т уламжлахаар болсон юм.

Н.Ерлан

2018.04.10