ГАМШГИЙН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ СУРГАЛТ, ДАДЛАГА СУРГУУЛЬ ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018 оны 06-р сарын 05, 00:00

Онцгой байдлын ерөнхий газар АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал хамтран “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Ховд аймагт зохион байгуулж байна.

Энэ жил “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлагыг “Бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа“ сэдвийн хүрээнд явуулж байгаа ба шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшгийн үед орон нутгийн болон бүсийн түвшинд бие даан ажиллах чадварыг эзэмшүүлэх, хариу арга хэмжээний шийдвэр гаргах, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах, бэлэн байдлын төлөвлөлтийг боловсронгуй болгох, гамшгийн хор уршгийг арилгах багаж хэрэгсэл, удирдлага, зохицуулалтын зохион байгуулалтын бүтцийг турших зорилгоор баруун бүсийн таван  аймгийг хамруулан танхимын болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дуурайлган үзүүлэх  гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм.

Монгол улсад долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин Штаб, АНУ-ын Доршнер, Батлан хамгаалах яам, Хууль зүйн дотоод хэргийн яам, харьяа агентлагууд, Балба, Шри Ланка улсын төлөөлөл, Австрали, Канад, Франц улсын элчин сайдын яамд, НҮБ-ын салбар хүмүүнлэгийн байгууллагууд, гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож байна.

Мөн Баян-Өлгий аймгаас аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген, Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл,  Өлгий сумын Засаг даргын тамгын газрын дарга Ш.Бахытжан, Дэлхий зөн монгол ОУБ-ын аймаг дахь салбарын захирал Д.Болатбек нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт  оролцож байгаа ба дадлага сургуулийн үндсэн үйл ажиллагаа нь 2018 оны 06 дугаар сарын 04-08-ны хооронд үргэлжлэх ажээ.

Н.Ерлан

2018.06.05