АЙМГИЙН УДИРДЛАГУУД НААДМЫН БЭЛТГЭЛД ГАРСАН БӨХЧҮҮДЭЭ ЭРГЭЛЭЭ

2018 оны 07-р сарын 02, 00:00

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Монгол үндэсний их баяр наадам эхлэхэд ердөө 9 хоног үлдээд байна. Бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлэн цол нэмж наадмын түрүүг авах нь бөх хүн бүрийн зорилго юм. Энэ жил аймгийн баяр наадамд зодоглох “Таван богдын бүргэдүүд” дэвжээний бөхчүүд болон “Тастүлек” бөхийн дэвжээний өсвөрийн бөхчүүд наадмын бэлтгэлд гараад багагүй хугацаа өнгөрлөө. Тэд уламжлал ёсоороо Сагсай сумын нутаг дэвсгэрт орших Зост амралтын газарт наадмын бэлтгэлээ базааж байгаа ба бөхийн галыг аймгийн заан М.Аманбек ахалж, аймгийн начин С.Бахыт, Ө.Жанболат нарын хамт бөхчүүдийг дасгалжуулж байгаа аж.
 
Өчигдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч, аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ш.Хавыл, ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Биеийн тамир спортын газрын дарга Х.Бекболат тэргүүтэй удирдлагууд тус Зост амралтын газарт улсынхаа баяр наадамд бэлтгэж буй бөхчүүдийн галаар зочлон тэдний бэлтгэлтэй танилцлаа. Мөн 1 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж нутгийнхаа бөхчүүдэд цолоо ахиулахын ерөөл өргөж амжилт хүсэв.
 
 
Н.Ерлан
 
2018.07.02