ЦАГААННУУР-ТАШААНТЫН БООМТ УРТАСГАСАН ЦАГААР БУЮУ 12 ЦАГ АЖИЛЛАНА

2018 оны 07-р сарын 04, 00:00

Өнөөдөр /2018.07.04/ Цагааннуур боомт дахь хилийн хяналтын байгууллагад хилийн боомтын зөвлөл хуралдлаа. Хуралд аймгийн Гаалийн газрын дарга С.Хавыл, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Улсын ахлах байцаагч Б.Мухамед, Хилийн цэргийн 0285 дугаар ангийн захирагч, хурандаа В.Батжаргал тэргүүтэй удирдлагууд  болон хилийн боомтын шалган нэвтрүүлэх байцаагч нар  оролцлоо.

Хурлаар тус хилийн боомтоор 2018 оны эхний хагас жилд нэвтэрсэн зочигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хийсэн дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, Цагааннуур боомтын ажиллах цагийн хуваарийг Улсын баяр наадам ойртож, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэн, ачаалал ихэссэнтэй холбогдуулан энэ сарын 6,7,9,10, -16,17,18,19,20,21-ний өдрүүдэд үдийн цайны завсарлагаагүйгээр 09:00-21:00 цагийн хооронд 12 цаг тасралтгүй ажиллуулахаар, бусад үед цагийн хуваарийн дагуу /09:00-13:00, 14:00-18:00/ ажиллуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Мөн дээрх өдрүүдэд ажилласан ажилтан, албан хаагч нарын илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг олгож, нөхөж амраахаар шийдвэрлэв.

Дашрамд дурдахад жил бүрийн 6-8 дугаар саруудад Цагааннуурын боомтын ачаалал ихэсч, тээврийн хэрэгслийн урт дараалал үүсэх, иргэд удаан хугацаагаар хүлээх зэрэг хүндрэлүүд гардаг байсан юм. Үүнийг аймгийн удирдлагууд анхааралдаа авч, иргэдийг хилээр түргэн шуурхай нэвтрүүлэх зорилгоор Монгол улсын Гадаад харилцааны яам болон ОХУ-ын Алтайн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн газарт тулгамдаж байгаа асуудлын нэг болгон санал хүргүүлж, тухайн боомтын зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн тохиолдолд талууд урьдчилан мэдэгдэж боомтыг 09:00-21:00 цагийн хооронд цаг сунган ажиллуулахаар зөвшөөрөл авсан байна.

Н.Ерлан

2018.07.04