БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НААДАМД АЙМГИЙН НАЧИН Т.ЕРБОЛАТ ТҮРҮҮЛЖ АРСЛАН ЦОЛ ХҮРТЛЭЭ

2018 оны 07-р сарын 13, 00:00

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүү бөх тодорсноор хоёр өдөр үргэлжилсэн аймгийн наадам өндөрлөлөө.

Өнөө жилийн аймгийн баяр наадам өргөн дэлгэр, өнгөтэй сайхан болж, шандаст хурдан хүлгүүд нь шижир алтан зурхайд тоосоо өргөж, сур мэргэн харваачид сумаа тавьж, наадмын зүлэг ногоон дэвжээнээс шинэ аймгийн АРСЛАН, ХАРЦАГА, НАЧИН цолтон мэндэлж, зон олон маань өргөн дэлгэр наадлаа.

Аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 256 бөх зодоглосноос Дэлүүн сумын харьяат, "Өлгий Ресурс" ХХК-ны бөх Төлекийн Ерболат түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Цэнгэл сумын харьяат, Зост амралтын газрын бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэж заан цолоо баталлаа. Их шөвөгт Ногооннуур сумын харьяат аймгийн харцага Д.Бейбит болон Баяннуур сумын харьяат шинээр харцага цолны болзол хангасан С.Заманбек нар шалгарсан юм.

Онцолж хэлэхэд энэ жилийн аймгийн наадмаар шинээр Аймгийн арслан нэг, харцага нэг, начин цол хүртсэн дөрвөн бөх төрөн гарсан бөгөөд начин цол хүртсэн дөрвөн бөхийн хамгийн залуу нь 19 настай аж.

Н.Ерлан

2018.07.12