*НОГООН ПАСПОРТ МОНГОЛ ОРОН ДАЯАР* АЯН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2018 оны 09-р сарын 28, 00:00

Байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангах, ёс заншлаа дээдэлсэн, байгальд ээлтэй зөв дадлыг эзэмшсэн залуу үеийг бэлтгэх зорилгоор БОАЖЯ-аас зохион байгуулж буй “Хандлагаа өөрчилье" уриатай “Ногоон паспорт Монгол орон даяар” аян өнөөдөр Баян-Өлгий аймагт нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Болат, БОАЖГ-ын дарга Д.Айбек, Улаанбаатар хотоос Цэнгэг ус байгаль хамгаалах төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Ичинхорлоо, мэргэжилтэн А.Зоригт болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцов.

“Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны хүрээнд “Ногоон паспорт”ыг сурталчлах, танилцуулах, сурагчдад тараах, мөн хаягдал зай хураагуур цуглуулах хайрцгийг ерөнхий боловсролын сургуулиудад байрлуулах ажлыг Улсын хэмжээнд энэ сарын 20-оос 10 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулж байгаа юм.

Үүний дагуу Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын IX-XI ангийн 500 гаруй сурагчдыг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах зорилгоор “Ногоон паспорт” гардуулж сургуулийн Эко клуб хариуцсан багш нарт аюултай хог хаягдал болох зай хураагуур хийх зориулалтын хогийн савыг олголоо.

Энэхүү “Ногоон паспорт”-ын хуудас бүр ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээг хангах, байгаль хамгаалах ёс заншил зэрэг өөр өөр агуулгатай төдийгүй эдгээр ажлыг сурагчид зааврын дагуу амьдралдаа хэрэгжүүлснээр байгалиа хамгаалах, амьдралын зөв дадлыг эзэмших, хандлагаа өөрчлөх боломжтой болох талаар тусгагджээ.

Тэрбээр тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд оролцсон аймгийн удирдлагууд энэхүү аяны хүрээнд орон нутгийнхаа экологийн тэнцвэрийг бий болгох, байгаль дэлхийгээ хайрлах ухааныг хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх, байгаль хамгаалах үйлсэд залуучуудыг биечлэн оролцуулах, хайгуул олборлолт, зам засварын ажлаас үүссэн нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх талаар анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Дашрамд хэлэхэд МУ-ын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй бол эл хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт байгаль орчноо хамгаалах үүрэгтэй гэж тусгаж өгсөн байдаг. Тийм учраас иргэн бүр эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлан байгаль орчноо хамгаалах аянд нэгдэхийг уриалж байна.

Н.Ерлан

2018.09.28