"УУЛС ДУНДАХ ЕРТӨНЦ" ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛЛОО

2018 оны 10-р сарын 01, 00:00

Баян-Өлгий аймгийн залуу гэрэл зурагчин Н.Нуржасын "УУЛС ДУНДАХ ЕРТӨНЦ" гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр аймгийн төв талбайд нээлтээ хийж олны хүртээл боллоо.

Аймагтаа анх удаагаа олны хүртээл болж байгаа энэхүү үзэсгэлэнд Н.Нуржасын аймгийг тойрон аялж, үзэсгэлэнт байгаль, казах түмний ахуй амьдрал, ёс заншлын онцлогийг харуулсан зургуудыг мэргэжлийн өндөр түвшинд дурандаа буулгаж авсан үзэгчдийн сэтгэлийг татаж чадах сонирхолтой 50 гаруй гэрэл зургууд түлхүү орсон байна.

Н.Нуржасын хувьд 2015 оноос Монголын гэрэл зурагчдын холбооноос зохион байгуулсан уралдаан тэмцээнүүдэд оролцож эхэлсэн бөгөөд 2016 онд манай орны 420 гаруй зурагчин 1800 орчим бүтээлээр оролцсон "Монгол, монголчууд миний дуранд" уралдаанд түүний өвлийн нүүдлийн цуврал зургууд нь "Миний эх орон Монгол" төрөлд тэргүүн байрны шагнал хүртсэн.

Мөн 2017 онд түүний бүтээл "Монголын гэрэл зураг" уралдааны шилдэг 100 бүтээлийн нэгээр тодорсон юм.
Шилдэг мэргэжлийн гэрэл зурагчны өнөөдрийн бие даасан үзэсгэлэнд урилгаар аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Бахытхумар нар оролцож, залуу гэрэл зурагчны цаашдын ажлаас нь амжилт хүсэн, аймгийн Засаг даргын нэрэмжит “Тэргүүний ажилтан”-аар шагнасан юм.
 
Н.Ерлан
2018.10.01