ҮЕРИЙН ГАМШИГТ НЭРВЭГДСЭН 10 ӨРХӨД ГЭР ОЛГОЛОО

2018 оны 10-р сарын 06, 00:00

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Өлгий сумын үерийн гамшигт нэрвэгдсэн айлуудад 80 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болж 2018 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу аймгийн Засаг дарга А.Гылымхантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Тодруулбал: Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу Өлгий сумын 2,3,12,13 багуудын үерийн гамшигт өртөж орон гэргүй болсон, эзэмшил газар нь бохирдсон иргэдийн шинэ суурьшлын бүсэд цахилгаан татахад 31 сая төгрөг, цэвэр усны 2 гүний худаг гаргахад 24 сая төгрөг, орон гэргүй болсон 10 өрхөд гэр олгоход 25 сая нийт 80 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

Уг шийдвэрийн дагуу өчигдөр үерт нэрвэгдсэн Өлгий сумын 3, 12, 13 дугаар багуудын 10 өрхөд эсгий гэр олгосон. Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Өлгий сумын Засаг дарга, Өлгий хотын захирагч Х.Бахытхумар болон багийн Засаг дарга нар оролцож, онцгой комиссын шийдвэрээр тогтоосон орох оронгүй болж, их хэмжээний хохирол амссан 10 өрхөд хүлээлгэн өглөө.

Эдгээр үерийн гамшигт өртөж орон гэргүй болсон, эзэмшил газар нь бохирдсон 250 өрхөд Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр, Кувейт хотхоны хажуу талаас 15 га газар шинээр олгосон ба цахилгаан татах, цэвэр усны гүний худагтай болгох ажил Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны санхүүжилтээр хийгдэж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар тус газарт 32 өрх ЗГ-аас болон Хүмүүнлэгийн байгууллага, хувь хүмүүсээс олгосон тусламжийн гэрээ барьж амьдарч байна.

Онцолж хэлэхэд Одоогоор гэр нь бүрэн нурсан 110, цаашид амьдрах боломжгүй болсон 154 нийт 264 өрх орон гэргүй болсон ба үүнээс 130 өрх эсгий гэрээр хангагджээ.

Н.Ерлан
2018.10.05