ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧДОД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ БОЛЛОО

2018 оны 10-р сарын 15, 00:00

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2017 оны ээлжит V хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн Цагдаагийн газрын эзэмшил талбайд Хүчирхийллийн хохирогчдод зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төв барих хөрөнгийг шийдвэрлэж, орон нутгийн төсөвт 100 сая төгрөг суулгасан юм.

Уг V хуралдааны шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний 340 анги 8х10 харьцаатай, найман өрөө бүхий хоёр давхар барилгын ажлыг гүйцэтгэж гэрээнд заасан хугацаанд дуусган, түлхүүр гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж, “Барилга байгууламжийн ашиглалтын ногоон гэрчилгээ”-г хүлээлгэн өглөө.

Түлхүүр гардуулах үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Бригадын генерал Г.Сайханбаяр, Засаг даргын орлогч Ш.Хавыл, ЗДТГ-ын дарга Х.Тилеген, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, ЗХ-ний 340 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Дорждэрэм, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батхүү, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Нансалмаа нар оролцов.

Энэхүү Хүчирхийллийн хохирогчдод зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төвийн доторх эд хогшил, тоног төхөөрөмжийг НҮБ-ын Хүн амын сангаас хангахаар болсон юм.

Дашрамд хэлэхэд шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг харгалзан орон нутгийн төсвийн хөрөнгөөр түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах, 35.1 хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах талаар тус тус хуульчилсан байдаг.

 

Н.Ерлан
2018.10.15