БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТОЛБО, БУГАТ СУМДАД ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

2018 оны 10-р сарын 22, 00:00

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Ирвэстэй нутгийн ирээдүй ” төслийн танилцуулах нээлтийн хурал өнөөдөр Баян-Өлгий аймагт болж байна.

Тус төслийн үндсэн зорилго нь нутгийн иргэд, малчдын оролцоотойгоор нэн ховор цоохор ирвэсийн амьдрах орчин, идэш бологч амьтдыг хамгаалах ажлыг сайжруулах зорилготой ба уг төслийг Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших Сайр хайрхан, Бугат сумын нутагт орших Хатуугийн нуруу, Говь-Алтай аймгийн Дарвийн нуруу, Хасагт хайрхан, Увс аймгийн Түргэн, Цагаан шувуут уул орчимд таван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ.

Төсөл хэрэгжих 5 жилийн хугацаанд нутгийн иргэд, малчид, орон нутгийнхны оролцоотойгоор нэн ховор цоохор ирвэсийн амьдрах орчин, идэш бологч амьтдын хамгааллыг сайжруулах төдийгүй хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтний худалдааг хууль хяналтын байгууллагуудын хамтын оролцоотойгоор бууруулах, бэлчээрийн зөв менежментийг хэрэгжүүлж бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах өртгийн сүлжээг дэмжих замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа.

Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабыл, АЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн дарга З.Болат, АИТХ-ын нарийн бичгийн дарга  А.Серикболат,  Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, МАНУТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга С.Медеухан Байгаль орчин аялал жуулчлалын газар болон төсөл хэрэгжих Толбо, Бугат сумдын удирдлага, байгаль орчны мэргэжилтнүүд, малчдын төлөөлөл оролцсон юм. 

Онцолж хэлэхэд Дэлхийд цоохор ирвэс амьдарах боломжтой 14 улсаас Монгол орон цоохор ирвэс тархсан улс орнуудаас тархац нутаг, тоо толгойн хэмжээгээрээ хоёрдугаарт ордог байна.

Н.Ерлан
2018.10.22