23 СУРАГЧ ОНЫ ШИЛДГЭЭР ТОДРОВ

2018 оны 12-р сарын 21, 00:00

Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудаас шалгарсан мэдлэг, авьяас, ур чадвараараа тэргүүлэгч, шилдгийн шилдэг сурагчдыг алдаршуулах зорилго бүхий аймгийн хүүхдийн нэгдсэн “Харш”-ийн сүлд модны наадмыг өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зохион байгууллаа

Энэхүү сүлд модны наадам нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын ивээл дор зохион байгуулагдсан бөгөөд энэ удаагийн “Харш”-ийн сүлд модны наадамд аймгийн ЕБС-ийн 240 гаруй шилдэг сурагч оролцсон юм.

Үүнээс 2017-2018 оны хичээлийн жилд мэдлэг, авьяас, ур чадвараараа бусдыгаа манлайлан аймгийн болон улсын чанартай олимпиад уралдаан тэмцээнд амжилт гаргасан 23 сурагч “Оны шилдэг сурагч”-аар шалгарч, 10 хүүхэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын нэрэмжит өргөмжлөлөөр шагнагдлаа.

Тус арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга А.Гылымхан, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Нансалмаа, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Бахытхумар нар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэн, "Оны шилдэг сурагч"-аар шалгарсан хүүхдүүдийн батламжийг гардуулж, гарын бэлгээр шагнаж урамшууллаа.

Н.Ерлан
2018.12.21