АЙМАГ ДАХЬ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ТӨГСӨЛТИЙН ХОНХНЫ БАЯР БОЛЛОО

2019 оны 01-р сарын 07, 00:00

МУ-ын Хөдөлмөрийн баатар А.Зайтины нэрэмжит Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгч оюутнууд төгсөлтийн “Хонхны баяр”-аа тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус төвийг энэ удаа 11 мэргэжлээр 160-аад оюутан төгсөж мэргэжлийн үнэмлэхээ гардан авсан бөгөөд төгсөгчдийн 40 гаруй хувь ажлын байраар хангагдах боломж бүрдэж, орон нутгийн хувийн хэвшлийн байгууллагуудаас ажлын байрны урилга ирүүлсэн байна.

Энэ талаар аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жанболатаас тодруулахад, “МСҮТ-ийг сонгон суралцах оюутнуудын тоо жил ирэх тусам нэмэгдээд байна. Яагаад гэвэл МСҮТөвөөс бэлтгэгдэн гарсан боловсон хүчний 60-70 хувь нь ажлын байраар хангагдаж байгаагаараа онцлогтой. Мөн ажлын байрны эрэлт хэрэгцээ, ажил олгогч байгууллагуудын захиалгыг судлан үзэж зөөгч бармен, автомашины кузов засвар, мебель, модон эдлэлийн мужааны ангиудыг шинээр нээн оюутан сургаж байгаа ба үүний үр дүнд манай аймгийн зарим хувийн хэвшлийн байгууллагуудаас урилга ирүүлж энэ удаагийн төгсөгчдийн 40 гаруй хувийг ажлын байраар хангахаар боллоо” гэв.

Харин өнөөдрийн хонхны баярын арга хэмжээний үеэр “Аумин” ХХК, “Ахкумбез” ХХК, “Өлгий сүү” ХХК зэрэг гурван аж ахуйн нэгжээс 6 төгсөгч оюутанд ажлын байрны урилга гардуулсан юм.

Хонхны баярын үйл ажиллагаанд урилгаар аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн суралцах хугацаандаа сурлага, урлаг, спортоор манлайлан суралцсан 20 гаруй оюутныг шагнан урамшуулж мэргэжлийн үнэмлэхээ гардуулан өглөө.

Н.Ерлан
2019.01.07