ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2019 оны 01-р сарын 18, 00:00

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, чиг үүргийг нь тодорхойлох зорилго бүхий Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг энэ сарын 14-ээс 17-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгууллаа.

Эл өдрүүдэд Засгийн газрын гишүүд хариуцсан салбарынхаа бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч хамтран ажиллах, тулгамдсан асуудлыг нь шийдэх боломжийн талаар ярилцаж санал солилцов.

Мөн аймаг нийслэлийн Засаг дарга нарт "Иргэн төвтэй Төрийн үйлчилгээ"-ний жилийн хүрээнд хийх ажлыг үүрэг болгов.

Хуралдааны дараа Засгийн газрын гишүүд аймаг нийслэлийн Засаг дарга нартай 2019 онд хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурсан бөгөөд энэхүү гэрээний гол зорилго нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Н.Ерлан
2019.01.17