БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ        -       БАЙ-БЕСІК АЙМАҒЫ

Баян-Өлгий аймаг нь 1940 оны 8 дугаар сард БНМАУ-ын Бага Хурлын шийдвэрээр байгуулагдсан. Монгол Улсын хамгийн баруун хязгаар Монгол Алтайн нурууны далайн түвшинээс 1301-4374 м(нийт нутгийн 95,3 хувь далайн түвшингээс 1600 м-ээс дээш) өргөгдсөн, мөнх цааст өндөр уулсаар хүрээлэгдсэн, 45,8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай.

                ОХУ-ын Алтайн БН Улс (225 км), БНХАУын ШУӨЗО (450 км), Монгол Улсын Ховд (450 км), Увс (165 км) аймгуудтай хиллэдэг.
                93 мянган хүн амтай, үүний 93 хувь казах үндэстэн, үлдсэн хувийг дөрвөд, урианхай, тува, халх ястангууд эзэлдэг. Засаг захиргааны 14 нэгжтэй (13 сум, 1 тосгон), нийслэл Улаанбаатараас 1760 км зайд оршдог, аймгийн төв Өлгий хотод 32 мянгаад хүн оршин суудаг. 1,4 сая малтай.
                Байгалийн унаган төрхөө хадгалсан нутаг дэвсгэр нь мөнх цааст сүрлэг өндөр уулс, уудам хөндий хотос, тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, рашаан булаг, жимс жимсгэнэ, дэлхийд ховордсон эмийн ургамал, ан амьтан, жигүүртэн шувууд, алт, мөнгө, гянтболд, төмрийн хүдэр, зэс, хар тугалга зэрэг эрдэс баялагийн арвин их нөөцтэй, уул уурхайн үйлдвэрлэл, эрчимжсэн МАА, улс дамнасан худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс хөгжүүлэх боломжтой аймаг юм.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН СҮЛДНИЙ ТАЙЛБАР

Эрэлхэг зориг, эрх чөлөөний байдлын бэлгэ тэмдэг болсон жигүүртний хаан догшин бүргэдийн хүчит хоёр жигүүрээ дэлгэн алсыг харсан дүрс дээр казах түмний өргөө гэрийн тооно дээр Монгол Улсын билэгдэл болсон алтан соёмбыг байрлуулж, тоононы фон дэвсгэр дээр мөнх тэнгэр, алтан нарыг дүрсэлснээр Баян-Өлгий аймгийн сүлдний ерөнхий байдал тодорхойлогдоно. 

  1. Нүүдэлчин түмний бэлгэ тэмдэг болсон эсгий гэрийн тоонон дээр алтан соёмбыг байрлуулсан нь Баян-Өлгий аймаг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэдгийг илтгэнэ. 
  2. Өрх гэрийн тооно нь бат бөх, үүрд мөнх байхыг билэгдэж тоононы хүрээг янгирын хос эврээр хүрээлүүлэн хийсэн байна. 
  3.  Тоононы дундах шар, цэнхэр өнгийн хослол нь алтан нар, хөх тэнгэрийг шүтэж, мөнхөд оршиж амьдарна гэдэг санааг илэрхийлнэ. 
  4. Бүргэдийн цээжин дээр баатрын хуяг байрлуулж түүн дээр Алтай Таван Богдын оргил, ардын гар урлалын өвөрмөц байдлын илэрхийлэл болсон угалзан хээ, аж амьдралын эх булаг болсон үр тариа, оюун эрдмийг билэгдсэн ном, давхар хүрээ бүхий зүрхэн хэлбэрийн галын дөлийн дунд Монгол дахь Керей овогийн тамгыг дүрсэлжээ.
  5. Бүргэдийн хоёр жигүүрийг 12 урт өдтэйгээр дүрсэлсэн нь 12 жил, 12 сар зэрэг цаг хугацаа улиран өнгөрч угтан ирж байгааг билэгджээ. 
  6. Бүргэдийн доод хэсэгт бүргэдийн суудал хэлбэртэй “БАЯН-ӨЛГИЙ” гэсэн үгээр аль аймгийн сүлд болохыг илтгэнэ. Уг үгийн дэвсгэрийн өнгө нь аймгийн тугийн өнгөтэй ижил байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ДАЛБААНЫ ТАЙЛБАР

Баян–Өлгий аймгийн далбаа нь цэнхэр, ногоон, цэнхэр өнгөтэй байна.
Далбааг гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь байгаль дэлхийг билэгдсэн ногоон, түүний хоёр тал нь мөнх тэнгэрийг билэгдсэн цэнхэр өнгөтэй байна.
 Далбааны дундах ногоон хэсэгт тус аймгийн хүн амын дийлэнх олонхи болох ислам шашинтнуудын бэлгэдлийг илээрхийлсэн алтан шар өнгөтэй хавирган сар байрлуулна.
                Далбааны урт өргөний харьцаа нь 2:1 байна